Яагаад код бичихээ болиод компьютер зарах болов?
Яг үнэндээ кодоо Өдөр болгон бичиж байгөө 😂
Кодоо бараг өдөр болгон л бичиж байгаа — яагаав vibe coding гэж нэг сайхан зүйл гарч ирээгүй юу. Ялгаа нь гэвэл програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, эсвэл аль нэг компанийн код репо руу код оруулахаа болиод оронд нь компьютерийн дэлгүүр ажиллуулж байгаа хэрэг. Бас энэ нь миний гаргасан хамгийн сонирхолтой шийдвэрүүдийн нэг юм.
Фронт дээр ажиллах гэдэг шал ондоо
Өмнөх старт-ап компанидаа хаа нэг питч тавих эсвэл үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзах, утасдах ажил хийдэг байсан учраас хүмүүстэй ярих гэдэг надад нэг тийм шинэ ажил байгаагүй ч бас тогтмол хийдэг ажил байгаагүй юм.
Одоо өдөр бүр хүмүүстэй ярьдаг ажил хийх болсон. Бүтээгдэхүүн танилцуулах, сошиал чатуудад хариулах, анх удаа компьютер авч буй хүмүүсд зөвлөгөө өгөх, сурагч, оюутан, эцэг эх, стриймэр, оффис ажилчид гээд бүх насны хүмүүстэй л бүтэн өдрийн турш харилцана.
Гайхмаар зүйл нь ингэж харилцахдаа би харин ч дуртай байгаа юм. Бидэн рүү холбогдсон эсвэл дэлгүүрт ирж уулзсан хүн бүр өөр өөрсдийн түүхтэй, өөрсдийн гэсэн төсөвтэй, технологийн янз бүрийн л мэдлэгтэй хүмүүс байдаг. Тухайн хүн бүрт юу хэрэгтэйг ярьж ойлголцох нь код debug хийхтэй ижилхэн ч юм шиг. Зөв асуултаа асуух, гол асуудлыг олох, тухайн асуудалд яг тохирох шийдлийг санал болгох.
Борлуулалт бол нөгөө талаас асуудал шийдвэрлэх чадвар гэхдээ хүнтэй харьцдагаараа онцлог.
Санал хүсэлтийг тултал нь авна
Ямар ч бизнес аналитикийн өгч чадахгүй, ямар ч филтергүй санал хүсэлтийг хэрэглэгч тэр дор нь л өгдөг.
Програм дээр шинэ функц хөгжүүлэхэд үр дүн нь хэдэн өдрийн дараа харагдах бол үйлчлүүлэгчид нэг буруу зүйл хэлэхэд чи тэр дор нь мэднэ. Царай нь л хэлээд өгнө. Яриа өрнөхөө болих, эсвэл бодож үзчихээд яръя гэж хэлвэл тухайн борлуулалт алдагдаж буйн шинж.
Нөгөө талаар сайн борлуулалтын эцэст сарын дараа үйлчлүүлэгч ахиад компьютер авах гээд ирнэ эсвэл нэг найзыгаа манайх руу явуулах тохиолдол их гардаг. Энэ бол бодитоор харж болох сайны үр дагавар юм.
Хувь хүнд чиглэсэн борлуулалтад өдөр бүр санал хүсэлт үүсч байдаг. Энэ нь өөрийгөө илүү хурдтай хурцлах нэг боломж юм.
Үйл ажиллагаа л жинхэнэ бизнесийг тодорхойлно
Би “жинхэнэ бизнес” бол зарж буй бүтээгдэхүүн гэж боддог байлаа.
Яг ч тийм биш. Бизнес гэдэг бол бүтээгдэхүүнийг тойрсон үйл ажиллагаа юм. Логистик, агуулах, нийлүүлэгчтэй харилцах, захиалгын явц, тусламж үйлчилгээ, дэлгүүрээ цэвэрлэх хүртэл орно. Үйл ажиллагаа л компанийг тодорхойлно. Бүтээгдэхүүн бол компанийн үйл ажиллагаа үүсэх нэг шалтгаан юм.
Инженерийн зүгээс харвал компанийн үйл ажиллагаа яг л ямар нэг системийн үйл ажиллагаа шиг. Зүгээр ажиллаж байгаа үед хэн ч юу ч анхаарахгүй. Ажиллахгүй байгаа бол хүн болгон анхаардаг. Бас системийг үргэлж сайжруулах арга замууд байдаг.
Яагаад энэ салбар луу шилжих болов
Яг үнэндээ ширээний ард 30 жил суугаад код бичье гэдэг бол хэнд ч төрөхгүй байх. Аль нэг үе дээрээ ямар нэг менежер ч юмуу хүнтэй ажилламаар санагдана шүү дээ. Яагаад арай эрт том зургаар нь хараад үзэж болохгүй гэж?
Надад алдсан ч оносон ч хангалттай цаг байгаа гэдэг насан дээрээ явна. Ямар нэг зүйл бүтээхийн тулд 0-ээс нь эхлэх, заавар жор байхгүйгээр турших, зүгээр л хараад өнгөрөхөд хэтэрхий сонирхолтой биш гэж үү. Бас толгой дотор “Хэрэв амжилттай явбал яах вэ?” гэдэг бодол эргэлдэж байсан учраас үзээд алдахаар шийдсэн хэрэг.
Алдаад байх зүйлгүй юм чинь тодорхойгүй ч гэсэн оролдоод үзэхэд буруудах юм юу байхав. Тэгээд л тэр.
Систем хөгжүүлэх, код бичих ажлаа Vortex Computer Store-доо үргэлжлүүлсээр л байгаа. Яагаад системтэй байх нь чухал гэдгийг илүү сайн ойлгосон хүний зүгээс хөгжүүлж байгаа.
Тэр талаар дараа дараагийн постуудаар бичих болно.

