Энгийн дэлгүүр ч бас инженерийн асуудлаар дүүрэн
Зуны 8 сард шинэ дэлгүүрийнхээ объект руу нүүдэг өдөр би хуучин ажлаа хүлээлгэж өгөөд, шинэ ажилдаа гурвуулаа ханцуй шамлан орсон доо. Тавилгагүй шахуу, нэг хоёр ширээ сандалтай, баахан бараа өрөөд тавьчихсан, дундаа бид гурав л бужигнаад. Тэр хоорондоо өдөртөө нэг хоёр борлуулалт бас гаргачихаад л байсан.
Тэр үед бол бүх юм их энгийн санагддаг байсан. Ачаа бараагаа зөөнө, компьютерээ угсарна, захиалгаа авна, хүргэлтээ хийнэ. Ямар ч гарын авлага байхгүй, үйл ажиллагааны журам байхгүй, “best practice” бол бүр байхгүй. Зүгээр л асуудал гарвал газар дээр нь шийднэ. Нүдний урд байгаа хэдхэн бараагаа гүйлгэж хараад л үлдэгдлээ шалгачихдаг байхад сүртэй ERP ухаад суух хэрэг юу байхав дээ 😂. Хэдэн захиалгаа бараг тархиндаа цээжлээд явчихна.
Харин хоёр жилийн өмнөх кодоор бүхнийг хардаг миний нүдээр бол байгууллага болгон сүрхий системтэй байх ёстой л гэж хардаг байсан шүү дээ. Миний тархинд бол компани = хянах самбар + үйл ажиллагаа + автоматжуулалт. Бодит амьдрал дээр бол компани = утас дуугарах + хүн юм асуух + бараа ирэхгүй удах + хүргэлтийн жолооч хаана яваа нь мэдэгдэхгүй байх. Одоо ялгааг нь харахаар их хөгжилтэй.
Яваандаа захиалгууд өсөөд, бараанууд нэмэгдээд нүдэнд багтахаа байгаад ирэхийн хэрээр бүгдийг нь нэг цэгцэлж аваад дараа нь санахад, удирдахад амар системтэй болох талаар бодол орж ирдэг юм байна лээ.
Агуулах гэдэг чинь онол дээрээ амархан. “Бараа ирлээ, бараа гарлаа” л биз дээ гэж бодно. Гэтэл бодит байдал дээрээ нэг бараа дэлгүүр дээр, нэг нь агуулахад, нэг нь бүр огт манайд байхгүй мөртлөө хэрэглэгчид зарчихсан, нөгөө нэг нь “энэ чинь ирэх ёстой байсан биз дээ?” гэсэн төлөвтэй байдаг юм байна 😂. Цаасан дээр бичсэнээр бол ганц мөр амьдрал дээр бол таван хүнд амлачихсан, хоёр хүнд зарчихсан л байдаг юм байна лээ хха.
Захиалгын явц мөн ялгаагүй. Эхэндээ толгойдоо цээжилдэг байсан захиалгууд нэг мэдэхэд хутгалдаад эхэлсэн. Хэн урьдчилгаа өгсөн билээ, хэнийх нь RAM солигдсон билээ, хэний хүргэлт маргааш гарах билээ гээд бүгд зэрэг орж ирнэ. Инженер хүний нүдээр бол энэ чинь шууд state machine харагдаж байгаа юм: pending → confirmed → assembling → ready → delivered. Харин бодит байдал дээр бол “ах аа, минийх өнөөдөр гарах уу?” гэсэн чат л хамгийн хүчтэй event trigger нь байдаг юм байна лээ.
Дээрээс нь support. Зарим хүн анхны gaming PC-гээ авч байгаа, зарим нь яг ямар ялгаа байдгийг ойлгохгүй асууна, зарим нь зүгээр л тайван хүнээр тайлбарлуулаад итгэлтэй авахыг хүсдэг. Тэр болгонд зөв хариулах хэрэгтэй. Харилцаа гэдэг чинь зүгээр мэдээлэл дамжуулах биш, хүний эргэлзээг багасгах ажил юм байна лээ. Логистик ч мөн адил. Хүргэлт, буцаалт, бараа таталт, нийлүүлэгчтэй ярилцах зэрэг — эд нар бүгд хоорондоо API-гүй холбогдсон үйлчилгээ шиг. Нэг нь саатвал систем тэр аяараа саатаж мэднэ.
Тэгээд л нэг юм ойлгосон: зовлонгоо мэдэрч байж л шийдлээ хайдаг юм байна.
Өмнөх ажлуудаасаа сурсан нэг зуршил надад тус болсон. Гол асуудлыг шийдэж л байвал эхлээд хамгийн хурдан аргаар урагшил. Тиймээс захиалгын хэсэг дээрээ Trello канбан ашиглаад эхэлсэн. Тэр бол гоё ажилласан. Захиалга урсаад, хэн хаана явж байгааг бүгд харчихна. Харин бараа бүртгэл дээр нэг жижиг дэлгүүрийн кассын программ аваад хэрэглэсэн чинь манайд арай л таараагүй. Би өөрөө кассан дээр бүх бүртгэлээ нэгтгэж явах гээд оролдох бүртээ мэргэжлийн өвчин хөдөлнө. Нэг л болж өгөхгүй. Хайгаад л, төөрөөд л, хамгийн энгийн юм олох гэж илүү олон click хийлгээд л. Гаднаас нь харахад жижиг асуудал, хэрэглэж байгаа хүндээ бол өдөр бүр хэдэн минут үр ашиггүй өнгөрөөд л байгаа юм.
Инженерийн нүдээр
Дэлгүүр ажиллуулах чинь үнэндээ инженерийн асуудлаар дүүрэн юм байна лээ. Агуулах бол өгөгдлийн сан шиг. Захиалга бол workflow engine. Support бол debugging. Communication бол distributed system. Логистик бол unreliable network. Ялгаа нь гэвэл дэлгүүрт error log байхгүй, харин бухимдсан харилцагч л ирж байгаа юм.
За тэгээд л ганц нэг дотоод хэрэгслүүдээ яалт ч үгүй өөрөө хийж эхэлсэн. Ядаж хэдэн ачаа наана цаана болгочих програм бичиж чадахгүй бол сурсны хэрэг юу байхав дээ тийм ээ. Дараагийн блогоор хэрхэн код бичихгүйгээр код бичиж эхэлсэн тухайгаа бичнэ ээ. 🤞

